2024 оны 02 сарын 23-ны өдөр Дугаар А/97 Улаанбаатар хот
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2021 оны 58 дугаар зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, 2024 оныг “Ойн жил” болгон зарлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/654 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1145 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 онд мод, бут, сөөг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт, хамгаалалтыг сайжруулах ажил зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), хороодын Засаг дарга нарт, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
2.Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах ажилд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, ажлын явц, үр дүнг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д, Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

