Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А424 – Тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2022 оны 08 сарын 26-ны өдөр                                      Дугаар А424                       Улаанбаатар хот

Тарваган тахал болон хүн, малын гоц

 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар

авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/1051 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 8 дугаар 25-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 13 дугаар хорооны Таван толгойн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, 14 дүгээр хорооны Өлзийтийн Авто тээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн 24 цагаар хяналтын үзлэг, тандалт хийж холбогдох арга хэмжээг авч ажиллуулсугай.

  1. Хяналт шалгалтын постод үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг удирдлагаар хангахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Т.Дамбийням)-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т, Эрүүл мэндийн төв (Э.Бодьцэцэг)-д, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.

  1. Авто тээврийн шалган бүртгэх товчоодод ажиллах алба хаагчид болон ерөнхий эргүүлийн хуваарийг нэгдүгээр, холбогдох зардлыг тооцоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах 1,965,240.00 (Нэг сая есөн зуун жаран таван мянга хоёр зуун дөч) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН