Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/288 – “Ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар авах зарим арга хэмжээний тухай”

2022 оны 05 сарын 20-ны өдөр                          Дугаар А288                                 Улаанбаатар хот

“Ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар

авах зарим арга хэмжээний тухай”

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь хэсэг, Улсын онцгой комиссын 2022 оны 02 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 118, А-201 хамтарсан тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Засаг, даргын 2022 оны А/555 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт  хорогдсон  мал,  амьтны  сэг  зэмийг  цуглуулж  устгах,  мал,амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулдаг цэг, худалдааны төв, мал нядалгааны газар, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, үүсмэл болон төвлөрсөн хогийн цэг, мал, амьтны аж ахуйн хашаа, хороо, тоног хэрэгсэл, өтөг бууц, гахай шувууны байр болон сангасны талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.
  2. Мал эмнэлгийн ариутгал  халдваргүйтгэлийн  ажлыг  үр  дүнтэй  зохион  байгуулахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд (“Гүнтэрэм” ХХК, “Ганган буга” ХХК, “ТҮДА” ХХК )-д, 12, 13, 14 дүгээр хорооны  Засаг дарга  нарт, зохион байгуулсан ажлын явц, дүн мэдээг 2022 оны 06 дугаар сарын 25-ны дотор танилцуулахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т тус тус үүрэг болгосугай.
  1. Мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 4,884,000 (Дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН