2022 оны 05 сарын 20-ны өдөр Дугаар А289 Улаанбаатар хот
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн 13 дугаар хороо Туул тосгонд байрлах “Түмэн шувуут” ХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортоор 134,400 ширхэг үржлийн өндөг инкубаторын цехэд хүлээн авах гэж байгаатай холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
- “Түмэн шувуут” ХК-ийн 134,400 ширхэг үржлийн өндгийг лабораторийн шинжилгээнд хамруулж, үзлэг шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж ажиллахыг импортлогч “Түмэн шувуут” ХК (Ж.Болд)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
- Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, халдварт өвчний шинжилгээ, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэн шувуут” ХК (Ж.Болд)-д үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, 13 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч (Ц.Сайнзаяа)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

