2023 оны 04 сарын 26-ны өдөр Дугаар А/232 Улаанбаатар хот
Мал эмнэлгийн арга хэмжээний тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5, 9,6, 9.8, 30 дугаар зүйлийн 30.12 дахь хэсэг, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/19 дүгээр тушаал, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2023 оны А/09 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/211 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дэх мал, амьтанд 2023 онд хийх гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлын төлөвлөгөөг нэгдүгээр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлын төлөвлөгөөг хоёрдугаар, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг гуравдугаар, лабораторийн шинжилгээний төлөвлөгөөг дөрөвдүгээр, халдваргүйтгэлийн арга хэмжээний төлөвлөгөөг тавдугаар, халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хугацааг зургаадугаар, мал эмнэлгийн арга хэмжээнд шаардагдах зардлын тооцоог долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Мал, амьтныг халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарилга, вакцинжуулалт, угаалга, туулгалт, боловсруулалт, шинжилгээ, ариутгал, халдваргүйтгэлийг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, нутаг дэвсгэрийн хэмжээнд товлосон хугацаанд зарлан мэдээлэх, мал эмнэлгийн арга хэмжээнд бүрэн хамруулж зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг мал бүхий 12, 13, 14 дүгээр хорооны Засаг дарга нарт, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох заавар, журмын дагуу товлосон хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж (“Гүн тэрэм” ХХК, “Түда” ХХК, “Ганган буга” ХХК)-д тус тус үүрэг болгосугай.
- Мал эмнэлгийн арга хэмжээнд хяналтаар явахад шаардагдах 5,401,400 (таван сая дөрвөн зуун нэг мянга дөрвөн зуу) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

