Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/79 – Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай

2023 оны 02 сарын 08-ны өдөр                    Дугаар А/79                                 Улаанбаатар хот

 

Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг

хориглох тухай

 

 

                    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг өвчний тархалт их байгаатай холбогдуулан халдвар зөөвөрлөгдөн, дамжин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүрэг дэх Мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн дүүргийн нутаг дэвсгэрт гаднын аймаг, сумдаас бог мал (хонь, ямаа), бод мал (үхэр)-ыг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд оруулахгүй байх, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосугай.
  2. Дүүргийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мал амьтан оруулахгүй байх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, Онцгой байдлын хэлтэс (Хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т, мал бүхий хороодын Засаг дарга нарт, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (Хурандаа Т.Дамбийням)-т тус тус үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж, илэрсэн зөрчлийг шуурхай арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

 

                              ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН