Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар “Ажилчны район” нэртэйгээр байгуулагдсан нийслэлийн ууган дөрвөн дүүргийн нэг юм.
Хан–Уул дүүрэг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын баруун урд хэсэгт дархан цаазат Богд хан Уулын ар хормой, Хатан Туулын хөвөөнд оршдог бөгөөд Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлага”-тай хослуулан төрийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа нутаг дэвсгэр, засаг захиргаа, эдийн засгийн бие даасан үйл ажиллагаатай цогцолбор юм.
Тус дүүрэг нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, түүний дотоод бүтэц болох 10 хэлтэс, 5 тасагтай. Засаг захиргааны анхан шатны нэгж болох 25 хороотой, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 31 харьяа байгууллагууд болон ОНӨААТҮГ, дүүргийн Шүүх, Прокурортой бөгөөд иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэн ажиллаж байна.
Хан-Уул дүүрэг нь 81,900 өрх, 333,000 хүн ам, 34,381 аж ахуйн нэгж, үйлдвэр, компани, нөхөрлөл, хоршоотой, 56,651 толгой малтай, 482.860 тахиа, 3.610 гахай бүхий эрчимжсэн аж ахуйтай, хүлэмжийн аж ахуй, агро парк бүхий газар тариалан хөгжсөн бүс нутаг юм.
Дүүрэг нь 48500 га нутаг дэвсгэртэй, үүнээс 21.1 хувь буюу 10226 га нь ой мод, гол горхи, рашаан ус бүхий дархлагдсан ногоон бүс, 67,6 хувь буюу 32763 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 11,3 хувь буюу 5499 га нь хот суурин, зам харилцааны сүлжээ, нийтийн эзэмшлийн газарт хамаардаг.
Хан-Уул дүүргийн иргэд нь Монгол Улсын Аж үйлдвэрийн тулгын чулууг тавьсан Ажилчны район, түүний түүхэн гавьяагаар бахархдаг бөгөөд одоо хөнгөн үйлдвэр, арьс, савхин эдлэл, ноос ноолуур, сүлжмэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, гадаад харилцаа, боловсрол соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, эрчим хүч, авто зам, барилгын салбарууд хурдацтай хөгжиж байгаа, агаарын болон төмөр замын тээврийн дэд бүтэцтэй, худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны цогцолбор бүхий хөгжилд тэмүүлсэн дүүрэг болж өргөжин хөгжиж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016-2020, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулан, амжилттай хэрэгжүүлж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлэн иргэд, оршин суугчдынхаа нийгмийн суурь үйлчилгээний хэрэгцээг хамгийн ойроос чанар, хүртээмжтэй хангах боломжийг бүрдүүлсэн “ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” болох бодлого, арга хэмжээг боловсруулан ажиллаж байна.
Дүүргийн нутаг дэвсгэрийн суурьшил өргөжин тэлж, бүтээн байгуулалтын ажил идэвхжин, нийгэм, эдийн засгийн байдал сайжрахын хэрээр сүүлийн жилүүдэд оршин суугчдын тоо эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний хэрэгцээг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэхээр улс, нийслэл, дүүргийн төсвийн 268.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 197 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотод жилд 452.2 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд Айцын ам, Түргэний голын дагуу, Яармаг, Нисэхийн гэр хорооллын бүс, түүнчлэн нийтийн эзэмшлийн зам, талбайд нийт 738,772 ширхэг мод, бут, сөөгийг тарьж ургуулан, хот орчны ногоон хөгжлийг бодитойгоор дэмжиж ажиллалаа.
Өдгөө Хан-Уул дүүрэг нь хөнгөн үйлдвэр, арьс, савхин эдлэл, ноос ноолуур, сүлжмэлийн үйлдвэрлэл, газар тариалан, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад харилцаа, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, хот, нийтийн аж ахуй, эрчим хүч, авто зам, барилгын салбарууд хурдацтай хөгжиж буй агаарын болон төмөр замын дэд бүтэц бүхий эдийн засаг, нийгмийн цогцолбор болон өргөжин тэлж, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон хэлэхэд таатай байна.
Өдрөөс өдөрт өсөх хүн амын тоо, түүнийг дагасан дэд бүтцийн хүртээмж, хангамжийг нэмэгдүүлж, нийгмийн суурь үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах, тогтвортой хөгжлийг түүчээлэх нь энэ цаг үеийн залгамж халаа болсон бид бүхний үүрэг хийгээд гол зорилтын нэг юм.
Хан-Уулчууд бид ирээдүйн хөгжлийн бодлогоо “Амьдралын чанараар тэргүүлэгч Эко Хан-Уул хот” болох алсын хараагаар чиглүүлэн нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор тодорхойлж, зорилтоо дэвшүүлэн үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН

