2024 оны 02 сарын 20-ны өдөр Дугаар А/79 Улаанбаатар хот
Халиа дошин, шар усны үерээс урьдчилан
сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Онцгой комиссын 2024 оны Гамшгийн “Шар түвшин” тогтоох тухай 01 дүгээр тогтоол, 2024 оны “Халиа дошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар, дүүргийн Онцгой комиссын 2024 оны “Халиа дошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, ус зайлуулах шугам, сүлжээ, авто замын доогуурх ус гадагшлуулах сувгийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, болзошгүй шар усны үерийн аюул, хөрсний усны халиа дошин үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн хор уршгийг арилгах, засварлах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулсугай.
2.Далан суваг, шуудуу, ус шүүрүүлэх шугам, сүлжээ сэргээн засварлаж, шугамын ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж, цас, мөс, лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
3.Дүүргийн нутаг дэвсгэрт үүсч болзошгүй цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр өгсөн үүрэг, даалгавар, төлөвлөгөөний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргийн гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосугай.
4.Дүүргийн “Халиа дошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг нэгдүгээр, “Удирдлага, зохион байгуулалтаар хангаж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг хоёрдугаар, “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг гуравдугаар, шаардагдах зардлын тооцоог дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
5.Халиа дошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
6.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

