2021 оны 09 сарын 28-ны өдөр Дугаар А/500 Улаанбаатар хот
2021 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн
албаны татлагын ажлыг зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/721 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд тус тус зохион байгуулсугай.
- Цэрэг халалт, татлагын ажилд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар / С.Энхбаяр /-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга /С.Энхбаяр /-д даалгах нь:
а/ Дүүргийн цэрэг татлагын товчооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, цэрэг халалт, татлагын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлах, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогийн талаар зааварчилгаа өгөх, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж гүйцэтгэлтэд нь хяналт тавьж ажилласугай.
б/ Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, залуучуудын цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн тоон даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай.
в/ Цэрэг татлагын товчооны ажлын талаар байгууллага иргэдээс гаргасан санал, гомдол маргаантай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэн, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцон ажилласугай.
г/ Батлан хамгаалах хууль тогтоомжид заагдсан орон нутгийн төрийн захиргааны албан тушаалтан, байгууллага аж ахуйн нэгжийн эрх баригчид, иргэдийн хүлээх үүрэг, хариуцлагыг сурталчлан ажилласугай.
- Цэрэг татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийх, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах, татагдагчдыг цэргийн төв дамжинд хүргэх тусгай тоноглолтой тээврийн хэрэгслийг гарган ажиллуулахыг Замын цагдаагийн хэлтэс /дэд хурандаа Г.Бямбадорж/-т үүрэг болгосугай.
- Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнийг хүлээн авч, ажлын байранд зуучлах, мэргэжил олгох төрөл бүрийн сургалтад хамруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс /Б.Бадамсүрэн/-т үүрэг болгосугай.
- 18-25 насны цэргийн жинхэнэ албанд татагдах залуучуудын иргэний цахим үнэмлэхтэй хугацаат цэргийн албанд тэнцүүлэн татах ,баримт бичгийн зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд иргэний баримт бичгийн зөрчил бүхий иргэдийн судалгааг хороо бүрээр гаргуулан, төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, 18-25 насны цэргийн алба хаагаагүй иргэдийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс /С.Оюун-Эрдэнэ /-т үүрэг болгосугай.
- Цэрэгт татагдагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах байрыг дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн байранд зохион байгуулан цэрэг татлагын 2021 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрийг дуустал шаардлагатай өрөө, танхимыг чөлөөлж, техник хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг 34 дүгээр сургууль /Р.Өлзийхишиг/-д үүрэг болгосугай.
- Нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгаа өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай эм, эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангах, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх, 18-25 насны цэргийн жинхэнэ албанд татагдах залуучууд болон тэдний ар гэрийнхэнд шинэ төрлийн коронавурисын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, заавар зөвлөмж өгөн, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/-д үүрэг болгосугай.
- Цэрэг халалт, татлагын үед нийгмийн хэв журам сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж, цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл аваад тогтоосон хугацаанд заасан газарт ирээгүй цэргийн үүрэгтнийг эрэн сурвалжлан цэрэг татлагад бүрэн хамруулж, хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, гэмт хэргийн учир шалгагдаж байгаа иргэдийн судалгааг хороо бүрээр гарган Цэрэг татлагын товчоонд ирүүлэхийг Цагдаагийн газар /хурандаа Т.Дамбийням/, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /хурандаа Н.Пүрэвсүрэн/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /хурандаа Ө.Эрдэнэхүү/ нарт үүрэг болгосугай.
- 2021 оны 2 дугаар ээлжийн Цэрэг халах, татах үйл ажиллагааг зохион байгуулахад цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шинэ төрлийн коронавурис /Ковид-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Цэрэг татлагын товчоотой хамтран ажиллахыг Онцгой байдлыг хэлтэс /хурандаа Д.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
- 2021 оны Цэргийн бүртгэлээр бүртгэгдсэн 18-25 насны цэргийн үүрэгтнийг цэрэг татлагад бүрэн хамруулан оролцуулахыг хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар баталсугай,
- Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын нэрийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- Цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлэхийг үүрэг болгосугай.
- Цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар ханган ажиллаж, дүнг илтгэхийг Цэрэг татлагын товчоонд даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

